Sunday, December 11, 2011

Номын тэмдэглэл-Өглөөний хүн 2


"Өглөө босох нь Өглөөний хүний гол шаардлага, харин гол агуулга биш". Энэ 2 тусдаа ойлголт нь өглөөний хүн 1, 2 номыг утгын дагуу дарааллан илтгэж байгаа мэт. Өглөөний хүн 1 номд өглөөд эртлэн босох хэрэгтэй, амжилттай хүн өглөөний цагийг дэмий үрдэггүй, өглөөний цаг өдрийн 3 цагтай тэнцэнэ, өглөө босох ач холбогдол зэргийг мөн яаж эртлэн өглөө босох дадал эзэмшихийг хүртэл тусган нарийвчлан авч үзэж байсан. Харин Өглөөний хүн 2т цаг хугацааны урт удаан нь хүн бүрт адил олддог байгалийн бэлэг, харин цаг хугацааны чанар, цар хүрээ, хүртээмжийг шийдвэрлэдэг зүйл нь цэвэр таны яаж баримталж байгаагаас хамаарна хэмээн тодотгож цагийг урт удааны хэмжээсээр харах биш чанарын талаас харж, хэрхэн өглөө боссоноос хойшхи 24 цагийг үр дүнтэй, чанартай зарцуулах вэ, бидний урьд өмнө өнгөрөөж байсан нэг цагаа хэрхэн 2, 3 цаг зарцуулсан мэт үр дүнтэй ашиглах вэ гэсэн энэ зүгт төвлөрсөн байна. /Эх сурвалж bmunguu.blogspot.com/


Үнэн хэрэгтээ утга агуулга нь цагийн менежмэнтийн номруу шилжижээ.Учир нь өглөөний хүний гол зорилго нь цагийг хэрхэн чанартай өнгөрүүлж байдагт тэр.


          Ном 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг ерөөсөө бидний хий хоосон өнгөрүүлж буй хором мөч бүрээ таньж илрүүлж, устгах ажиллагааг явуулсан, олон талт зүйл дээр цаг хэмнэхийн жинхэнэ утга юу болохыг ойлгуулсан талбар мэт. Харин 2р хэсэгт оногдсон цаг хугацааг яаж үр ашигтайгаар ашиглах, цагийг үр дүнтэй ашиглах цаг төлөвлөлтийн аргуудыг зөвлөсөн. Харин 3р бүлэгт мөн л адил нэмэлт үнэтэй зөвлөгөөнүүдийг тусгасан байна.


Хамгийн түрүүнд үрэгдэж гээгдэж байгаа цаг хугацааг цуглуул. Цаг хугацааг хэмнэж цуглуулах явц нь юуны түрүүнд хий дэмий үрэгдэж байгаа аар саархан цагийг хэмнэх юм. Тэр цагаа олж үр дүнтэй ашигла. Харин юу таны цагийг булаан авч одож байгааг та өөрөө олж харах ёстой. 

Бусдын цаг хугацааг худалдаж ав, ядуу баян 2 хүний цагийн урт удаан адил ч чанар өөр шүү дээ иймэрхүү олон зүйлийг олон жишээн дээр харуулсан байна. /чухал гэж үзсэн бүх гол санааг товч тусгасан товчлол учир ойлгоод л аваарай, жишээ болгон дурдагдахгүй, гагцхүү бүх чухал ерөнхий санааг ойлгомжтой үлдээж хүртэх нь миний зорилго юм. Мөн хэрэгтэй ном гэдгийн сийрүүлж байгаа учир номыг та яалтчгүй авч ашиглах хэрэгтэй/ Мөн цаг хугацааг хожихын тулд дан дан ганц хүнийг ажиллуулахаас гадна бага хэмжээний золиос гаргах хэрэгтэй юм байна. Мөнгө, дуртай, үнэтэй эрхэм зүйл юу ч байж болно.

Эмх цэгцтэй байх зуршил нь цагийг асар ихээр хэмнэдэг байна. Бүх зүйл дээр шүү. Өдөр болгон тохиолддог ч бай үгүй ч бай үргэлж байх ёстой юм байх ёстой байрандаа байх нь цаг хуримтлалын алтан зам болж өгдөгийг санаарай. Мөн хэрэггүй зүйлийг шууд хаяж сур. Зүгээр л таны ширээ цэвэр цэмцгэр болж таны толгой ч ажлынхаа дэс дарааг мэдэж авахтайгаа болно.

Мөн, Өглөөний цагт хүний тархи маш сэргэг байж маш хүчтэй төвлөрдөг тул бүтээлч ажил үйлсдээ зарцуулах ёстой. Тиймээс үр бүтээмжтэй, нарлаг сайхан өглөөг бий болгох нь урьд шөнийн таны хичээл зүтгэлээс хамааралтай. Учир юу гэвэл ажлын /хичээлийн/ бичиг баримтыг эмхэлж цэгцлэх, өмсөж явах хувцас хунараа бэлдэх, индүүдэх зэрэг аахар шаахар жижиг ажлуудыг оройд 10 минутыг гаргаж зарцуулах нь өглөөний цагийг үр бүтээлтэй бүрэн бүтэн зарцуулах боломжыг танд өгөх юм. 

Өглөө оройны ид ачааллаас аль болох зайлсхийж бай! Энэ нь эрт ажилдаа очиж эрт тарж байх ёстой дадлыг эзэмших хэрэгтэй гэдгийг хэлж байна. Ид ачааллаас өөр цагт ажилаа амжуулж сур. Хувийн машинаар явдаг ч бай, автобусаар явдаг ч бай бөглөрч эсвэл шахцалдаж өглөөний сайхан мэдрэмжээ алдахгүйн тулд ид ачаалал эхэлхээс өмнө ажилдаа очиж, ажилаа чанартай гүйцэтгэж, эрт ажлаасаа тарах нь танд хэмжээлшгүй их цагийг гаргаж өгнө. Угаас өглөөний хүн гэдэг нь зөвхөн бусдаас илүү хурдан сэрэх гэсэн санаагүй агуулаагүй бөгөөд өглөөний цагийг хамгийн сайнаар ашиглаж өөрийгөө хөгжүүлэж, ажлын үр бүтээмжээ дээшлүүлж, ажил төрлөө амжилттай биелүүлж байгаа хүнийг хэлдэг. Тиймээс тийм хүмүүс бол угаас ажлаасаа тарах цагийг хэтрүүлнэ гэсэн удаа бараг байдаггүй. Тангараглан хэлэхэд ажлаасаа эрт тардаг хүн нь ур чалвар сайтай хүн байдаг юм шүү хэмээн зохиолч хэлжээ.

Мөн их ажилтай үедээ хааяаа ганцаараа өдрийн хоолоо идэж байх нь их цаг гаргах боломж өгдөг байна. Өдрийн хоолоо яг таг баримтлахаас өөр аргагүй тохиолдлоос бусад үед та 30 минутын өмнө түрүүлж хоолондоо орчихоод ажилчид хоолондоо гарж байх 01 цагт та иргэн орж 2 цаг хүртэл ажилдаа төвлөрөн ажиллах бүрэн боломжтой. Үгүй бол, бусад ажилчид нь 01 цагтаа шууд гарж лифтэнд бөөнөөрөө чихэлдэн явцгааж 01.10 хүртэл бужигнасан хүмүүс хоолоо хүлээж хий хоосон юм ярьж, хоолоо идэн 2цагт ажилдаа ордог байхад та хоол гарахад бэлэн болох цаг 01.10минутанд орж хоолоо идэн 01.50 минутанд ажилдаа иргэж орох нь шилдэг арга юм.

Орчин тойрныхоо нөхцөл байдлыг сайтар харж чадвал үрэгдэж байгаа цагийг хэмнэж чадна. Орчин тойрныхоо эд зүйлс, дэлгүүр хоршоо, эмнэлэг, эмийн сан, интернэт кафе юу ч байсан ажиглаж бай. Төсөөлөн цээжилж ажигламтай бай. Цаг хэмнэхээс гадна таныг аюулаас аварна.

Сэрүүн байгаа цаг хугацаатай адилаар унтаж байгаа цаг хугацаа ч гэсэн чанар, цар хүрээний хувьд адил байх ёстой. Ухаалаг сэргэлэн хүмүүс гүн нойр авдаг гэсэн үг байдаг. Тэрчлэн гарамгай суут хүмүүс бүгд л өөрсдийнхөө нойрыг тохируулах чадвар сайтай байсныг түүхэн жишээнүүд нотолдог. Энэ нь нойрны урт удаандаа бус чанартай өөр байгаа юм. Тэгвэл нойрны чанарыг дээшлүүлэх хамгийн сайн арга бол тогтсон нойрсох цагийг баримталж, өөрт тохирсон нойрсох цаг, нойрсох хугацааг олж авах явдал байна /Үүнийг өглөөний хүн 1 ном нарийвчлалтай авч үзсэн ч чухал учир энэ номонд өгүүлсний адил товч өгүүлнэ/ Тэрчлэн өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй хүн байх тусмаа унтах цаг нь харьцангуй багасдаг бол сэтгэл санаа тавгүй хүн байхын хэрээр их унтдаг гэсэн судалгаа батлагдсан байдаг байна. Учир нь унтахын өмнөх элдэв янзын хий дэмий бодлууд нь гүн нойр авахад саад болж тээр болдог. Тийм учраас сайтар амрахын тулд тухайн өдрийн ажил төрлөө сайн цэгцэлэх мөн оюун санаагаа ч цэгцлэх нь туйлаас чухал юм. Сайтар нойроо авч чадаагүй бол ямар ч ажил хийлээ бүтээмж нь дээшлэхгүй төдийгүй бие махбодын болоод сэтгэл санааны хувьд ч сул дорой болж хувирна. Тиймээс унтах нойроо сайн зохицуулж чаддаг хүн амжилтанд хүрдэг. 

Энд хэдэн цагт унтах ёстой вэ, хэдэн цагийн турш унтвал зохих талаар багтсан болно. 
Хэдэн цаг---Хүний нойр ойролцоогоор 2 цагийн циклтэйгээр явагддаг ба унтаж байх явцад хэд хэдэн удаа давтагддаг байна. Нэг цикл нь өнгөц нойр -- бага зэргийн гүн нойр -- гүн нойр -- рэм (зүүдлэн унтах) гэсэн 4 мөчлөгөөс бүрддэг. Рэм нойрноос бусад гурван нойрыг рэм бус нойр гэж нэрлэдэг. Рем нойрны байдалтай байхдаа сэрвэл тархи сэргэг байгаа учраас ухаан саруул байдаг бол рэм бус нойрны үед сэрэхэд нойрмог, сэргэлэн цовоо байж чаддаггүй байна. Тиймээс өглөө сэрж байхдаа рем нойр дуусаж байх алдад сэрж байвал биед сайн. Рэм бус нойр болон Рэм нойрны нийт үргэлжлэх цаг нь ойролцоогоор 2 цаг болох ба 4 цикл гэх юм бол 8 цаг харин 3 цаг гэх юм бол 6 цагийн нойр болно. Тиймээс нойрны сондгой тоотой цагийг бодохноо 6 цаг, 8 цаг гэсэн тэгш тоотой нойр байх нь сайн.

Хэдэн цагт: Өглөөний хүн 1т хэлсэн, 5 цагт хүний дулаан хамгийн их ялгардаг, мөн судасны цохилт хамгийн ихээр хурдасдаг, агаарын хэм чийгшил, агаарын даралтын байдал хамгийн тогтворгүй байдаг цагийн мөчлөг учир үүнээс хойших цагийг унтаж өнгөрөөх нь чанаргүй. Тиймээс Рэм нойрны байдалтай байхдаа сэрэхээ тооцоолж 11 цагт унтаж өглөөний 5 цагт босох нь хамгийн тохиромжтой болж байна. Сайн унтаж авахад дахиад нэг зүйл чухал. Бат бөх сайхан нойрсохын тулд хөрөнгө оруулалт хийгээрэй. Илүү сайхан гүн нойр авч сэтгэл ханамжийг мэдрэх болно гэнэ. 
Орчин нөхцөл-- Дэр /ая тухыг хангасан, зөөлөн/ -- Гудас, дэвсгэр /хөвөн даавуу/--Өрөө, тасалгаа /Те25-2, хэм, чийгшил 50-70%/

Нойрноос яаж сэрэх нь чухал. Өглөө боссон тэрхүү хором мөч нь өдрийн бие халаалт болдог.

Өглөө босж чадахгүй бол далд ухамсараа ашигла. Тэдэн цагт яг босно  доо гэж дотроо бодон сэрүүлэг зэрэг материалын зүйл ашиглалгүй өглөө эрт сэрэх зуршлыг бий болгох дасгалыг хийх хэрэгтэй. Эрсдэл ихтэй мэт санагдвал сэрүүлгээ тавиад өөрийнхөө дотоод ухамсарыг түүнээс 10-20 минутын өмнө төлөвлөж оролд. Ихэндээ их алдсан ч бодит байдал дээр энэ аргыг хэрэглсэн хүмүүс сэрүүлэг дуугархаас өмнө өндөсхийгөөд сэрж чаддаг болсон тухайгаа хуучилдаг. Зурагтын асах цагийг тавиад бас босж болно. Өглөөний хөтөлбөрийн хөтлөгч нар цовоо сэргэлэн, сэргэг дуу хоолойг сонсож, түүний цаагуур цоглог хөгжмийн аяс явах олонтой байдаг тул харьцангуй сэтгэл сэргэг босоход тус дэм болдог. 

Цагийг гадуур уулзалт хийж явахад хэмнэх нэг тодруулах зөвлөгөө: Ажлын уулзалтын төлөвлөгөөгөө гаргахдаа өмнө хойно байх ажилтайгаа дэндүү давхцуулах юмуу холдуулахгүй байхаар зохицуулж байж ажилдаа дарагдах эсвэл хоосон цаг гарахгүй байж чадна. Мөн нөгөө талтай цаг товлохдоо нөгөө талынхаа цаг завыг харж хэтэрхий доод байр сууринаас бүү ханд үнэтэй цагаа эрхэмлэ. Мэдээж ямар харилцагчтай гэдгээсээ шалтгаална. 

Баригдмал хэв загварт хүлэгдэх нь харин ч эсрэгээр үр бүтээмжтэйгээр, өргөн цар хүрээтэйгээр өглөөний цагийг ашиглахад зарим тохиолдолд саад учруулдгыг сана. Уян хатан байгаарай. 
Ажлын талбарт: Өдөр тутмын энгийн уулзалт, харьцангуй хөнгөн шийдвэрийг гаргах асуудалд аль болох богинохон хугацааг зарцуулж, нарийн судалгаа шинжилгээ хийх шаардлагтай, нэгдсэн дүнд хүрэх ёстой ажилд хангалттай цагийг гаргах нь чухалыг санаарай.

Номын 2р бүлэг эхэлж байна. Чухал ажлаасаа эхэлж хий./сургамжит өгүүллэгийн чулуу өгүүллэгийг уншаарай яагаад чухал болохыг тэндээс сайн олж мэдээрэй/ Яаадаг ч байсан хамгийн том чулуунуудаа эхлээд савандаа хий гэдэг дараа нь жижиг, сажиг бүх зүйлс орж чадна шүүдээ. Чөлөөт цагаараа хийдэг хобби, дуртай зүйлсээ өглөөд бүү хий гэнэ учир нь энэ нь хэзээд таньд эрч хүчийг өгдөг учраас үдээш хойшдоо хийж болох бөгөөд бусад жижиг сажиг ажлууд ч тэр адил. Өглөөний ажлыг эрч хүчтэй бүтээлчээр чухал зүйлсүүдээ хийж амжуулснаар үдээш хойш эсрэгээрээ ном хичээл биш мөн шинэ эрч хүч авах зүйлээ хийх хэрэгтэй. 

Ямар ажлаа эхлээд гүйцэтгэх ёстой гэдгээ зөв шийдлээ гэхэд л ажилаа ерөнхийд нь дууссан гэхэд хэтрүүлэг болохгүй бөгөөд харин буруу гаргавал хэдий хичээн чармайн ажилласан ч үр дүн нь сэтгэлд хүрэхгүй. Иймд ажил үйлсийн дундаас урьтаж хийх ажлын дэс дарааллаа гаргах "цаг зохицуулалтын хүснэгт": 


                                                     Яаралтай ажил                          Яаралтай бус ажил
Чухал ажил                                            А                                                          Б
Чухал бус ажил                                      В                                                          Г

Хоорондоо холбоотой ойлгомжтой бизээ. Эдгээр ажлуудыг дор дор нь сайтар шийдэн тэр даруйд нь орхиж байвал цаг зохицуулалтыг тал нь амжилттай болох нь тэр. 
Чухал ажил өдөрт нэг байхад болно . Учир нь харьцангуй хугацаа, эрч хүч, шаарддаг.

Ажил хэргийн төлөвлөгөөг гаргахдаа тэмдэглэлийн дэвтрийг ашигла. Ашиглахдаа хаана ч, хэзээ ч харж болох боломжтой байх ёстойг ашигла

Нэгэн зэрэг хий: 2 ос дээш ажлыг нэгэн зэрэг хийж үз. Ингэвэл 1 цагийн хугацааг хоёр дахин болгож ашигласнаар 1 цаг нь 2 цагийн ашгийг үзүүлэх болно. Ихэвчилэн хүмүүс цаг байхгүй үедээ ихэвчлэн үүнийг шийдэхдээ бусад цагуудаас хомслож эхэлдэг. Нойроо хумслах, чөлөөт цагаа багасгах зарим ажлаа хойшлуулах мэтээр цаг олж авахыг оролддог. Мэдээж нэг төрлийн ажилдаа гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой үе бий. Гэхдээ санасныг бодохнээ өдөрт олон ажлын нэгэн зэрэг амжуулаад байх боломжтой байдаг. Тиймэрхүү ажлуудаа сайн мэдэж аваад энэ аргыг ашиглах юм бол цаг хугацааны урт нь адил юм шиг санагдах ч шийдэж болох ажлын чанар, хэмжээ нь нэг дахин нэмэгдэнэ. 


Өглөө босоод нэгэн зэрэг хийж болох ажлууд гэхэд нүүрээ угааж, шүдээ сойздон, эрчүүд сахлаа хусан, хувцсаа солин, хоолоо идэх зэрэг өдөр тутмын зуршил болсон бараг рефлексээрээ хийгдэх энэ ажлуудыг дан ганц үүгээр нь өнгөрөөвөл хайран. Тиймээс гадаад хэлний бичлэг тавьчихаад сонсох юмуу, амандаа давтан хэлвэл хичээлийн үр дүнд сайнаар нөлөөлнө. Рефлексээрээ ажлуудын хажуугаар нэг ажил олж хийж бай! 

Мөн гэрээсээ ажилруугаа явах, ажлаасаа гэрлүүгээ явах зэрэг цагуудыг үр бүтээлтэйгээр өнгөрүүлж бай. Юу ч хийж болно шүү дээ. 

Төлөвлөснөөрөө ажил. Төлөвлөснөөрөө ажиллах нь маш чухал хэдий шинэ санаа гарч хэрэгжүүлэх үгүйн талаар зөрчил гарсан ч эхний ажлаа төлөвлөснөөрөө хийж гүйцэтгэх нь юунаас ч чухал байдаг. Хойшлуулалгүй зөвхөн үргэлжлүүлэн хий. Цаг төлөвлөлтийн 60:40-ийн зарчимийг энд санал болгож байна. Энэ нь ерөөсөө цагийн 60 хувийг төлөвлөлтөндөө хамруул, үлдсэн 40 хувь нь төлөвлөгөөнөөс гадуурх цаг болгон ашигла гэсэн үг юм. 
Төлөвлөгөөнөөс хамаараад ажиллах 60%, төлөвлөгөөнөөс ангид нөөц цаг 20%, чөлөөтэй ажиллах 20% ингэж ажлаа төлөвлөх нь илүү уян хатан болж өгөх юм байна. Номны зохиолч цаг хугацааг уян хатан шинж чанартай амьд зүйл гэж боддог гэнэ. Хэтэрхий бариу давчуу цагийг зохицуулах гэвэл яагаад ч юм өөрөө цаг хугацаандаа баригдсан мэт сэтгэгдэлд автагдаж бүр өөрийн тань амьдрал байнга л хүнд хэцүү мэт мэдрэгдэх болж, мөн жаахан ч болов төлөвлөсөн зүйлээсээ хазайж одвол хүсэл сонирхлоо хүртэл алдаж орхидог. Хүний ажлын бүтээмж нь "мэдрэмж" болон "сэтгэл санаан" дээр үндэслэн нааш цааш хэлбэлзэж байдаг. Цаг хугацааны хувьд хэт давчуу төлөвлөх нь иймэрхүү сөрөг үр дагавруудыг дагуулдаг тул төлөвлөгөөг уян хатан байдалд тулгуурлан гүйцэтгэх ёстой бөгөөд уян хатан байдлыг бий болгохын тулд түүнийг бодолцсон төлөвлөгөө гаргаж, өөрийнхөө хүсэл тэмүүлэл зорилгын дор тухай бүрийн нөхцөл байдалд тохирсон ухаалаг арга хэмжээг авч байх зохистой.

3р бүлэгрүү орохын өмнө "бөөнөөр хийх" өглөөд 80/20 ийн зарчмыг ашиглах гэсэн 2 гол зүйлийг тодруулна. Өглөөд 80:20 ийн зарчмыг ашиглана гэдэг нь хамгийн эхлээд том чулуунуудаа л хийх ёстой гэсэн цаг төлөвлөлтийн санааг хэлж байгаа юм. 80/20ийн зарчмыг та мэднэ байх 20%ийн хөрөнгө оруулалтаас үүдэн 80%ийн ашиг ирдэг гэсэн санаа. Үүнтэй адил танд оногдсон нийт цагийн 20%ийг л ашиглан 80%ийн бүтээмжийг хүртэж болдог тэрхүү цаг хугацаа нь яах аргагүй өглөөний цаг юм. Тиймээс цэвэр цэнгэг, уур амьсгал, сэргэлэн цовоо, гэгээн өөдрөг сэтгэл бадардаг өглөөд бүх ажлын 80%иа хийж гүйцэтгэх ёстой./12 цаг хүртэл/ Гэхдээ яг нарийндаа авч үзвэл үдээс өмнө шүү миний бодлоор. 
Бөөнөөр үйлдвэрлэх зарчим . Ижил төрлийн ажлуудыг бөөнөөр нь цуглуулж байгаад гүйцэтгэвэл бэлтгэх болон гүйцэтгэхэд шаардлагтай нийтлэг хугацаануудыг хэмнэж болох учраас их хэмжээний цагийг хуримтлуулан ашиглах боломжтой байдаг байна. Ажлаа төлөвлөхдөө хувиарла гэсэн санааг хэлж байна. Ямар ч ажлаа тодорхой хийх ёстой яс хийх нь чухал гэдгийг мөн өгүүлсэн байна. 


Нэгэнт хийсэн ажлаа хийж дуусгаж бай гэж байна. Хийвэл хий больвол боль, айвал бүү хий, хийвэл бүү ай гэсэн үгнүүд дагдаг учраас энэ хэсэг энэ үгээр болчих юм шиг санагдлаа. Ажлаа гүйцэтгэж чаддаг хүн ямагт нэр хүндтэй байдаг гэдгийг тодруулъя. 

Өглөөг эрч хүчтэйгээр  эхлүүлж байна. Өглөөний биеийн тамирыг хэтрүүлэн хийлгүйгээр бие махбод, толгой тархиа сэргээх зорилготойгоор хөнгөхөн хийж эрч хүчийг авч байх дадлыг эзэмшээрэй.  Учир нь өглөөний биеийн тамир нь өдрийн цагт гавшгай шаламгай хөдөлж, шөнийн цагт гүн нойроо авах бие организмийн байдлыг бий болгож өгдөг байна. Үргэлж адил цагт өдөр тутмын ажлаа эхэл. Учир нь тогтсон дэг журамтайгаар ажлаа эхэлвэл өдөр бүр тухайн цагт бие махбод түрүүлээд тохирсон бэлтгэлээ хийдэг болж, аяндаа хэмнэл нь хадаглагддаг. Мөн тусдаа бие халаалт хийх шаардлаггүй хэмээн бодож болно. Зөвхөн өөрийн гэсэн цаг хугацааг бий болго. Тухайн өдрийнхөө ердөө 10-30 минутыг зарцуул. Энэ цагийг компани, ажлын баг , өөрийн тухай түүнчлэн ямар нэгэн тогтсон үзэл баримтлал гээд зогсолтгүйгээр чөлөөтэй эргэцүүлэн бодох хором болгон ашиглах хэрэгтэй. Ингэн нь тухайн өдрийн ажлыг эхлэх өөрийн гэсэн сэтгэлгээг бий болгодог юм. 


Өглөөд шууд ажлаасаа эхэл. Өглөөний бүхий л цагт оюун санаагаа ажилдаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэр нь чухамдаа тухайн өдрийн ажлыг шийддэг. 


Түгшмэл байдал, тайвшралын хэмнэл- гэсэн байна энэ нь Өглөөний шаргуу тэмцэл, үдээс хойшхи сэтгэл хангалуун байдал гэсэн үг мэт надад санагдлаа. Өдрийн их шаргуу ажил, хөлсөө урсган хөдөлмөрлөсний дараа бие махбод, сэтгэл санаагаа тодорхой хэмжээгээр тайвшруулан сэргээж өгөх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзан амттай сайхан оройн хоолонд орж, гэр бүлтэйгээ хөгжилдөн хамт байж, ном сонин унших, хөгжим сонсох, нэг газар орж суух зэргээр оройн цагт сэтгэлээ баясган тайтгаруулах нь үнэхээр сайхан сэтгэл ханамжийг өгнө. Харин зүгээр нэг 24 цагийн турш амраад хэвтээд байсан бол амтай сайхан санагдах нь байтугай амралт гэдэг нь өөрөө зовлон болж хувирна.

Хамгийн сүүлд МАРГААШ Ч ГЭСЭН ТА ЯЛАХ БОЛНО!!! гэсэн хэсгийг эхлүүлье!!!
Өглөөний шаргуу зүтгэл, үдээс хойшхи сэтгэл ханамжийг мэдрэн ажлаа тараад аз жаргал дүүрэн оройн цагийг сайхан өнгөрөөхийг хүсье. Өдрийнхөө ажлын цагаар ажил бүтээлээр дүүрэн, ажил тарсныхаа дараа амьдралын баяр хөөрөөр бялхсан орой байх нь бид бүгдийн хүсдэг амьдрал билээ. Ялан гуяа оройн цагаа гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөгөөрэй. Өглөөний хүн нь завгүй байдлыг билэгддэггүй, харин их ажлыг зохицуулж амжилтын үндэс болсон амжих чадварыг хүн бүрт санал болгодог юм боловуу гэж би бодлоо. Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж амрах нь үнэхээр хамгийн үр дүнтэй агаад бүтээмж дүүрэн цагийг ашиглаж байгаа хэрэг болно. Тэгээд эцэст нь одоо та зөөлөн аю тухыг хангасан /өөртөө хөрөнгө оруулсан/ орондоо орон нойрсохыг хүсье. Өөртөө итгэл дүүрэн, хангалуун сайхан өдрийг өнгөрөөсөн та одоо энэ мөчид ялагч болсон. Маргааш дахин таны өмнө өглөө гэрэлтэн гийж ирнэ. Өдөр бүр урагшаа нэг нэгээр алхан урагшлах өөрийгөө олж харах бас нэгэн өглөө. Та маргааш өглөө ч гэсэн амьдралын хүнд хэцүү сорилт, сул дорой байдлын өмнө өөдрөг бардам байж, ялалт байгуулахад бэлэн байх болно. Зөвхөн Урагшаа!!!

0 cэтгэгдэл:

Post a Comment